Tuesday, November 26, 2013

Where is the wisdom we have lost in knowledge?

Хаяадаа Монголчуудыг ойлгохгүй толгой сэгсрэх гадаадуудтай уулзахаар тэдэнд UB Post, World Bank Report уншихаасаа илүү Монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг хар гэж хэлмээр санагддаг юм. Хэдийгээр Монголоос мундаг урлагын бүтээлүүд төдий л төрөн гардаггүй боловч илэрхийлэх гэсэн санаа, арга барил нь яах аргагүй биднийг харах хамгийн сайн толь болдог. Жишээлбэл надад Алтан Ураг, Арга Билэг хамтлагууд таалагддаггүй. Хоёр өөр соёлыг хүчээр дэндүү бүдүүн бааргаар авцалдуулах гээд байгаа мэт санагддаг юм. Гэхдээ тэдний уран бүтээлүүдээс бид нэг талаасаа Монгол өв уламжлалаа хадгалж үлдэх, нөгөө талаасаа барууны соёлыг өөриймшүүлэх оролдлогыг тод томруунаар харж болно. Сайн бодох юм бол энэ оролдлого хэр амжилттай болохоос бидний ирээдүй шалтгаална. Лав л бид баруун шиг болж чадахгүй, гэхдээ бас нүүдэлчин өв уламжлалаараа амьдрах боломжгүй. Аль аль талынх нь охийг шингээж чадсан соёл, ертөнцийг үзэх үзэл бий болгож чадах эсэхээс хамаарч бид цаашид хэрхэн тэсч үлдэх вэ гэдэг асуултын хариулт гарах юм.

Энэ утгаараа Монголчуудын сэтгэлгээг өөр нэг тольдож болох газар нь уран зургийн үзэсгэлэнгүүд. Чанар, агуулгын хувьд бараг бүгдээрээ дэндүү гүехэн боловч зураачдын хөндөж буй сэдэв, хэрэглэж буй арга барилаас нь Монголын нийгмийн тусгалыг олж харж болно. Жишээ нь нэлээд дээхнэ зураач Ш. Ядамсүрэнгийн үзэсгэлэнг үзсэн юм. Өөртэй нь ярьж үзтэл жаахан явцуу үзэл бодолтой, тэгээд тэр нь ч даацтай уран бүтээл хийхэд нь тушаа болдог юм шиг санагдсан. Гэхдээ энд маш сонирхолтой зүйл нь түүний санаагаа илэрхийлж байгаа арга барил. Хэрвээ түүний бүтээлүүдийг ажиглах юм бол нэгт, асар их хурд мэдрэгдэнэ. Хурдтайгаар урсан өнгөрч буй дүрснүүдийг нь яг таг тэр энэ гэж тодорхойлоход хэцүү. Улаанбаатарт хэсэг хугацаагаар байхгүй байж байгаад гэнэт ирэхэд яг ийм мэдрэмж төрдгийг бид бүгдээрээ мэднэ. Хоёрт, түүний зургууд дээрээ ашигладаг шулуун зураасууд дүрсүүдийг тал бүрээс нь нэвт хөндлөн огтлоод гардаг. Тэдгээр зураасууд хаанаас гарч ирж биднийг хэрхэн огтлохыг таахад бэрх. Гэхдээ хүссэн хүсээгүй амьдрал үргэлжилж Ордны зүүн талын зам хөл хөдөлгөөнтэй хэвээр л байна.

Сонирхолтой нь үзэсгэлэнг үзэж байтал яг иймэрхүү зургууд өмнө үзэж байсан юм шиг санагдаад болдоггүй. Сайтар хартал Ядамсүрэнгийн бүтээлүүд яах аргагүй Weimer Republic-ийн үеийн уран бүтээлүүдийг санагдуулам. Жишээ нь George Grosz-ийн Бэрлинийг дүрсэлсэн энэхүү бүтээл дэх дүрсүүдийн хөл толгойг олоход тун бэрх, тэгсэн мөртөө энэ замбараагүй байдал өөрсдийнх нь гэхээсээ илүү тэднийг нэвт дайран өнгөрч буй хурц ирмэгтэй давалгааны үр дагавар гэмээр. Хоёр өөр цагт, хоёр өөр газар, хоёр өөр уран бүтээлч нэг санааг хөндөж, нэг арга барилыг ашигласан хэрэг. Энд Монгол Улс Ваймарын замаар орж байна гэвэл гэнэн дүгнэлт болно. Гэхдээ Ваймарт ардчиллыг хэрхэн завхруулж тэр нь нийгэмд хэрхэн тусч байсан нь бидэнд их сургамжтай байх. Гадаадууд ч Монголын өнөөгийн байдлын учир шалтгааныг ойлгохын тулд Хиндэнбүргын талаарх номондоо салхи оруулах хэрэгтэй байж мэдэх юм.

Монголчуудыг нямбайгаар буулгаж чадсан өөр нэгэн мундаг бүтээл бол зурагчин Ц. Батзориг агсны “Зуднаар. Баянхонгор аймаг, Гурван булаг сум. 1993 он” гэсэн зураг. Зургийг "Монгол хүний resilience" (яг Монгол дээр буулгах үг олж чадсангүй) гээд нэрлэчихэж болмоор. Зуднаар цасанд юм харахаа больсон нүдээ трикогоор ороосон нь Монголчуудын ямар ч нөхцөл байдалтай дасан зохицоод аргалаад гарч чаддаг чадварын илэрхийлэл. Магадгүй гадны хөрөнгө оруулалттай оруулалтгүй амьдраад байж болно гэж боддог нь үүнээс улбаатай байх. Мөн уранхай ноорхой хувцастай ч, зуд турхантай байсан ч цайныхаа дээжийг өргөж байгаа эмээ бидний амьдралын хэв маяг, соёл амьдралын маань салшгүй нэг хэсэг гэдгийг илтгэнэ. Ихэнх хүмүүс одоогийн өөрчлөлтийн их давалгаанд үүнийгээ алдана гэж айх нь ойлгомжтой боловч, бас ч гэж амархан арилчихгүй нь эндээс харагдана байх аа.

1 comments:

Dulguun said...

“Зуднаар. Баянхонгор аймаг, Гурван булаг сум. 1993 он”

Энэ бол яалт ч байхгүй сайн зураг. Хүн энэ зургийг анх хараад л гарчигийг нь уншилгүйгээр юун тухай, мөн хаана, хэзээ гэдгийг бараг буулгачиж чадна. Нэг харсан бол барагтай мартахгүй биз. Мөн энэ зураг хичнээн хүний дотор өлгөөтэй яваа нь тэдэнд түнэр харанхуй бүчэн авсан ч итгэл найдвараа алдахааргүй хүч өгдөг бол гэж бодогдуулам.