Sunday, November 10, 2013

Завсрын Хvмvvс

Өнгөрсөн хавар найз охинтойгоо номын дэлгүүрээс Ц. Батзориг агсан, Д. Давааням хоёрын "Хүмүүс" гэрэл зургийн үзэсгэлэнгийн каталогийг олж авсан юм. Энэ амралтын өдрөөр тухтай үзэх цаг гаргав. Өмнө Ц. Батзориг агсны цаатангуудын тухай бүтээлээс бусдыг нь үзэж байгаагүй юм. Энэ каталог дээрх бүтээлүүдээс нь үзвэл үнэхээр гайхалтай зурагчин байжээ. Ялангуяа 90-ээд оны Монголыг амьдаар нь буулгаж чадсан маш цөөн хэдхэн уран бүтээлчийн нэг яах аргагүй мөн. Лав л цаашдаа Монголын хамгийн эгзэгтэй, одоогийн бидний амьдралыг тэр чигт нь тодорхойлж буй энэхүү үеийн судалгаа, хэлэлцүүлэг Ц. Батзориг агсны эдгээр зураггүйгээр явагдах ёсгүй байх.

Энд жишээ болгоод би өөрт хамгийн чухал санагдсан нэг зургийг орууллаа:

Зургийн нэр нь: "Улаанбаатар. 1995." Ялангуяа 90-ээд оны дунд үед өссөн завсрын буюу миний үеийнхнийг энэ зураг шиг мундагаар буулгаж (capture, encapsulate) чадсан нь үгүй. Хэдийгээр яг коммунизмын үед ухаан ороогүй боловч бид лав л коммунизмын сүүдэр дунд өсч өндийсөн. Албан ёсоор коммунизм үгүй болсон энэ үед коммунист үзэл суртлын хамгийн амь бөхтэй хэсэг нь хүмүүсийн дунд оршсоор байсан (яг л энэ Цэдэнбалын ишлэл шиг). Иймд бусад үеийнхэнтэй харьцуулахад бид бараг коммунизмын жинхэнэ охь дунд ч өссөн байж мэдэх.

Мөн энэ зургийг подъезд дотор олж харж, авч чадсан нь Ц. Батзориг агсны мундаг мэдрэмжийн илэрхийлэл. Бага байхад орой 10-ын алдад сургуульд ч ороогүй жаахан хүүхдүүд хоол гуйгаад хаалга тогшдог байсан. Өглөө хичээлдээ гарахад подъезд дотор даарсандаа хоносон байх нь олонтаа. Өдгөөгийн олон хүний амьдралын зорилго чухам тэр дүр зургаас үүссэн сэтгэл өвдөлтөөс урган гарсан байх. Нийгмийг тэр чигт нь хамарсан энэ зовлон шаналал 90-ээд онд өссөн биднийг хүн болгосон.

Нэг талаасаа хуучин нийгмээс амь бөх үлдсэн үзэл санаа, нөгөө талаасаа шинээр өлгийдөж авсан нийгмийн бүтээгүй амлалтууд дунд бий болсон завсрын үеийнхнийг хамгийн нягт нямбайгаар илэрхийлж чадсан нь яах аргагүй энэ зураг. Энэ зургыг ч бид харах тоолондоо хаанаас ирж хаа хүрч яваагаа санаж явах учиртай.

Addendum: Ц. Батзориг сан + хамтран үзэсгэлэн гаргасан Д. Даваанямын бүтээлүүдийн шүүмж (энэ шүүмж дээр бичсэнчлэн түүний бүтээлүүд үнэхээр муу байсан)

0 comments: