Sunday, September 07, 2014

Interview on Running

Эртээд саваагүйтэж яваад Гэрэг сэтгүүлд гүйлтийн талаар нэг ярилцлага маягийн юм өгөөдөхсөн чинь өнөө Harold Bloom-ийн "ном зохиолчоосоо илүү ухаантай байдаг" гэдэг шиг сая харсан чинь надаасаа хэтийдсэн жаахан ичмээр эд болчихож.

1. Анх гүйж эхлэх болсон тань юунаас үүдэлтэй вэ?
Би коллежид байхдаа сургуулийнхаа урт сэлүүрт завины (rowing) багт хичээллэдэг байлаа. Энэ бол хүний тэвчээр, сэтгэлийн тэнхээг эцэст нь хүртэл шавхдаг хамгийн хүнд хэцүү спортуудын нэг. Харамсалтай нь төгсөөд буцаж ирэхэд Монголдоо энэ спортоор цааш үргэлжлүүлээд хичээллэх боломж байгаагүй юм. Ингээд гүйдэг боллоо. Нэг талаараа гүйлт тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээг шалгадгаараа өмнө хичээллэж байсан урт сэлүүрт завины спорттой төстэй байсан бол нөгөө талаараа өөрийгөө, орчин тойрноо огт өөрөөр олж харж, мэдрэхэд тусалсан юм. Өөрөөр хэлбэл өнөө зохиолч Муракамигийн хэлсэнчлэн нэг ёсондоо урт амьдрах гэж биш харин амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх гэж гүйдэг болсон хэрэг.

2. Эхний үеийн хүндрэл, шантрах мэдрэмжийг давсан түүхээсээ хуваалцана уу?

Өмнө нь өөр спортоор эрчимтэй хичээллэдэг байсан тул эхэлж гүйхэд ямар нэг хүндрэл байгаагүй. Харин шантрах мэдрэмж бол одоо ч гүйх тоолонд төрдөг. Хүмүүс энэ мэдрэмжийг чухам хэрхэн хүлээж авдаг юм бол бүү мэд. Харин миний хувьд энэ бол гүйх үеийн хамгийн чухал хэсэг. Чухам энэ үед л би өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэрч цаашаагаа явах сэтгэлийн тэнхээ, биеэ бодлоороо захирах чадалтай эсэхээ мэдэж авдаг.

Хэрвээ шантарч, өөрийн бие чадлын хязгаарт хүрч чадаж байвал би өөрийгөө бүрэн дүүрэн мэдэрч чадаж байнаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр гүйсээр ямар ч тэнхээгүй болохын цагт цааш дахин нэг алхам явж чадаж байвал өөрийн хэмжээ хязгаарыг тэр хэрээр тэлж байгаа хэрэг. Хүн өөрийн хүрч чадахгүй гэж бодсон газраа хүрч, хийж чадахгүй гэж санагдсан зүйлээ хийж чадахаас өөр сайхан мэдрэмж өөр юу байх билээ...

3. Гүйхийн эрүүл мэндэд ашигтай талын тухай хүн бүхэн мэддэг. Харин таны хувьд гүйх нь юуг илэрхийлдэг вэ. Ямар онцгой тал нь тэгтлээ татдаг хэрэг вэ?

Миний хувьд доорх гурван шалтгаанаар гүйх дуртай. Энэ бол хүн болгонд адил байх шаардлагагүй бөгөөд хүн бүр гүйх тусам өөрийгөө хурцалдаг, урам зориг өгдөг шалтгаануудыг илүүтэйгээр таньж мэддэг байх.

Нэгд, гүйлт намайг илүү сайн хүн болгодог гэдэгт би итгэдэг. Хэдий утгагүй, заавал шаардлагагүй ч өглөө бүр өөрийгөө хүнд хэцүү гүйлтээр сорих нь өдрийн туршид тохиолдох ямар ч бэрхшээлийг түгдрэлгүйгээр даван туулахад тусалдаг. Гүйх тоолондоо өөрийн шантрах мэдрэмжтэй тулж, ямаршуухан хэмжээ хязгаартайгаа мэдэж авсан хүн илүү даруу төлөв байж, амьдралд жижиг ч гэлтгүй бүх зүйлсийг илүүтэйгээр нандигнан хайрладаг.

Хоёрт, гүйлт надад амжилтад хүрэхэд уйгагүй хөдөлмөр ямар чухлыг үргэлж сануулдаг. Шууд л орноосоо босоод марафон гүйчихдэг хүн гэж хаа ч байхгүй. Дөнгөж эхэлж гүйж байгаа хэн ч 1-ээс илүү км гүйж чаддаггүй. Хамгийн гол нь шантралгүй өдөр бүр тэрхүү 1 км-ээ алхам алхмаар ахиулж чадсан хүн л хүссэн амжилтдаа хүрнэ. Амьдрал ч яг ийм. Ямар ч зүйлийг бага гэж гололгүй, алхам бүрийн төлөө уйгагүй, тэвчээртэйгээр хөдөлмөрлөвөл хэн ч хүссэн зорилгодоо хүрч чаддаг. Үүнийг гүйлт лав миний яс маханд шингэтэл ойлгуулж өгсөн юмдаг.

Гуравт, би бусдын өмнөөс гүйдэг. Нэг удаа хамт гүйдэг байсан залуухан Америкийн Ирланд профессороосоо яагаад гүйдэг талаар нь асуутал “бидний эргэн тойронд байдаг гүйх хүсэлтэй мөртөө боломжгүй хүмүүсийн өмнөөс гүйдэг” гэсэн юм. Хэдийгээр энэ өнөөх Католикуудын алдарт гэмшдэг зан нь байж болох ч би өдгөө хүртэл үүнийг дотроо санаж явдаг юм. Өнөөдөр гэрээсээ гараад гүйх хүсэлтэй мөртөө боломжгүй, бололцоогүй өч төчнөөн мянган хүмүүс Монголд бий. Харин би хэдий боломжтой мөртөө гүйхгүй байна гэдэг тэдгээр хүмүүсийн урмыг хугалж буй хэрэг. Би гүйх бүртээ тэдгээр хүмүүсийн өмнөөс гүйж, тэдгээр хүмүүсийг мартаагүй шүү гэдгээ өөртөө сануулахыг хичээдэг.

4. Өдрийн ямар цагт, хотын аль хэсгээр гүйдэг вэ/гүйх дуртай вэ. Яагаад?

Дулааны улиралд Улаанбаатарт гүйхэд хамгийн тохиромжтой цаг өглөө 5-7 цагийн хооронд байдаг. Нар мандсаны дараа, гэхдээ замын хөдөлгөөн эхлэхээс өмнө. Яг л энэ цагуудын хооронд амжиж гүйхгүй бол аюулгүй байдал төдийгүй эрүүл мэнд талаасаа асар их эрсдэлтэй. Машины утаанд хоолойгоо хорсгож, хойноосоо заналтайгаар сигналдуулж үзсэн Улаанбаатарын гүйгч бүр надтай санал нийлнэ байх аа.

Харин дуртай маршрут гэвэл хотын төвөөс Сөүлийн гудамжаар дамжин Энхтайвны гүүр дээгүүр даван цаашаагаа Хурд хорооллын хойд талын замаар явсаар Их тэнгэр орж тэндээсээ Богд уулын бэл дагуу гүйсээр Зайсан хүрч, тэгээд чанх хойд тийш эргэн буцаад Энхтайвны гүүрээр хотын төвд орж ирэх. Ингэж гүйхэд ойролцоогоор 10км болдог бөгөөд хэрвээ хүсвэл замаараа Зайсан толгой дээр гарч өглөөний нарнаар Улаанбаатарыг тольдох их гоё.

5. Гүйх үедээ ямар төрлийн хөгжим сонсдог вэ. Тусгай жагсаалтаасаа танилцуулна уу?

Ямар ч холын зайд гүйгчийн хамгийн сайн хань нь бодол, хөгжим хоёр байдаг. Гэхдээ дан ганц бодолдоо автаад гүйгээд байвал их уйтгартай. Нөгөө талаараа айхтар хашгирсан хөгжим сонсоод өөрийн бодлоо тэр чигт нь хаах бас учир дутагдалтай. Тэгэхээр минийхээр бол гүйхэд хамгийн тохиромжтой хөгжим гэдэг гүйх эрч хүчийг өгөх мөртөө бодож сэтгэхэд саад болохгүй байх ёстой. Энэ бол миний гүйх үедээ сонсдог сүүлийн хоёр жил орчим бараг өөрчлөгдөөгүй шахуу дууны жагсаалт:

Signpost Sound – Who Needs a Road
Rolling Stones – Let It Bleed
Strokes – Under Cover of Darkness
Haik Naltchayan – Daredevil Descent
Matisyahu – Jerusalem
Stone Roses – Sally Cinnamon
RAC – If You Forget Me
Kings of Leon – Use Somebody (RAC Remix)
College & Electric Youth – A Real Hero
The Proclaimers – Sunshine on Leith
Beth Orton – Concrete Sky
Haik Naltchayan – Champs Elysees

6. Гүйгчийн хувьд ямар мөрөөдөлтэй вэ? (Томоохон марафонд оролцох, хувийн амжилт тогтоох гэх мэт)

Мэдээж ямар ч гүйгчийн хувьд Нью-Йоркийн, цаашлаад Бостоны марафоныг амжилттай дуусгах хамгийн том мөрөөдөл нь байдаг. Миний хувьд ч ялгаагүй. Хэзээ нэгэн цагт энэхүү хоёр марафоныг дуусгачихвал лав л үхэхдээ хийж амжсангүй гэж харамсах зүйлс маань нэгээр багасна.

Гэхдээ яг чин үнэнийг хэлэхэд гүйх дуртай хүн бүрийн хувьд битүүхэндээ дээрх хоёр марафоноос ч илүү нэгэн мөрөөдөл байдаг. Тэр нь хамгийн хурднаараа гүйх мөртөө ямар ч хүч гаргаагүй мэт дүүлэн нисэх мэдрэмжийг мэдрэх. Үүнийг үгээр илэрхийлэх хэцүү ч Хайлэ Гэбрэсиласси 2000 оны Сиднейн олимпийн 10,000 метрийн түрүүг авахыг, Бадар-Ууган 2008 оны Бээжингийн алтан медалийг илүү гартай мэт итгэлтэйгээр хүртэхийг харсан хэн ч лавтайяа ойлгоно байх аа.

6 comments:

Enkhzul said...

Goe yariltslaga boljee Tuvshuu. Keep on running!

Battur Sanchin said...

Nice! Гоё ярилцлага байна.

улаан said...

хоёр асуулт байна,

саяхнаас гүйж эхэлж байна, өглөөгүүр гүйхээр шилбэ, гуя орчим тэсвэрлэхийн аргаггүй захтанаад унах юм,

цусны эргэлт хурдасхаар тэгж байна л гэж бодоод,

1,эхлэн гүйж байхад таньд иймэрхүү захтанах үзэгдэл байв уу ?

эсвэл хөдөлгөөнгүй байж байгаад гэнэт гүйхээр тэгээд байна уу ?

2, ямар хуваарьтай гүйдэг вэ ?
өглөө бүр ?


аа бас гүйх 3 дах шалтгаан нь их гоё inspiring санагдлаа

баярлалаа

Tuvshin said...

Many thanks, Enkhzul and Battur!

Sain uu, улаан,

Nadad bol yag tiim yum tohioldoj baigaaguy. Yur ni bol yavaandaa gaiguy bolchihdog yum shig baina. Eniig uzeerey -
http://running.about.com/od/illnessesandrunning/ss/embarrassing_5.htm

Huvaariin huvid bol udur bolgon l guihiig boddog yum. Gehdee tsag zav (bas zalhuurlaas) shaltgaalaad ter bolgon guij chadahguy yum. Yur ni bol yamar neg zorilgo tavichihval yag huvaariaraa guihed ih tulhets ugdug yum.

Ganzorig said...

Дээр ФБ дээр хэн нэгэн энэ ярилцлагын хэсгээс зургийг нь авч тавьсан байсныг уншсан. Бүтнээр нь уншсан чинь их гоё юмаа.

Ulziikhishig Namsrai said...

Saikhan yriltslaga bn, Daraa ene marshrutaar hamtdaa guij uzmeer bn. contact-aa uldeegeech