Sunday, January 19, 2014

Random Notes

Өнгөрсөн долоо хоногт Д. Бямбасүрэн гуайн шинэ ярилцлага гарч. Зарим нэг хэлсэн зүйлс нь шууд утгаараа популист (популизмын уг санаа нь бол элитүүдийн эсрэг ард түмний талд орох - үүний сайн мууг харин бид мэдэхээрээ нэг болсон) боловч 20-р зууны сүүлээс өнөө үе хүртэлх Монгол төрийн ноён нуруу байсаар ирсэн Бямбасүрэн гуайн үгс дунд сайтар эргэцүүлмээр хэд хэдэн санаа оржээ.

Эдгээр санаануудын нэг нь "төрийн зүтгэлтэн" болох хүн хэрхэн өөрийгөө өндөр түвшинд боловсруулж, бэлтгэх шаардлагатай байдаг тухай юм. Үүнийг төрд ажиллаж буй хүмүүсийг хуугаар нь коммунистууд, динозавр гэж дуудах дуртай мөртөө өөрсдөө хар залуугаараа албан тушаалд очоод холион бантанг нь хутгадаг бидний үеийнхэн эргэцүүлэх хэрэгтэй байх.

Түүнийхээр бол "төрийн зүтгэлтэн" хүнд юун түрүүн "суурь философи" шаардлагатай:

Гадны улс төрийн зүтгэлтэн хэн нэгэн хүн ингэж амьдарч байж гэдгийг харуулсан сайхан сайхан номууд байдаг. Түүнийг унших хэрэгтэй. Хүнд амьдралын туршлага өгнө. Гэхдээ цаад талд нь суурь философи байгааг бас судлах ёстой. Өнөө цагийн манай удирдагчид тэрхүү суурь философи талдаа сул анхаардаг юм уу даа гэж би хувьдаа боддог.
Бямбасүрэн гуайн энд тайлбарлаж буйг ухаж ойлгох юм бол төрийн шийдвэр гэдэг системтэй бас залгамж чанартай байх ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаж буй төрийн зүтгэлтэн аливаа шийдвэрийг гаргахдаа сэтгэл хөдлөл, нийтийн ахар мөчид дуудлагаас илүүтэйгээр "суурь философи" дээрээ үндэслэх ёстой. Харин энэхүү "суурь философи" нь өнгөрсөн үеийнхээ суурь философийг мэдэж, судалж, дэнсэлсний (!) дараа залгамж нь болон гарч ирнэ.

Тэгвэл яагаад суурь философи шаардлагатай юм бэ? Кино зохиол бичдэг Орос авгайн хэдэн ном уншаад Монголын төрийн бодлогыг амжилттайгаар залуурдалцаж байгаа хүний жишээ бэлээхэн байж л байна. Бүр ном унших нь байтугай хөх тэнгэр надад ингэж хэлэх шиг боллоо гэж байгаад хөгжлийн бодлогыг тодорхойлчихдог нэгэн нь ч байна. Ийм нөхцөлд тэр философи энэ тэрийг нь бодоод сууж байх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу.

Бямбасүрэн гуайнхаар бол харин энэхүү философи нь төрийн хүнд нэг ёсны дархлаа болох ёстой аж. Суурь философи байхгүй бол үнэ мөнгөд амархан дурлана:
Тийм хүмүүсийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь юу байдаг гэхээр мөнгө. Тэд би юмыг мэддэг чаддаг боллоо гээд дайрсаар төрд гардаг. Төрд гарахаараа юу хийдэг вэ гэхээр төсвийн мөнгийг хувааж иддэг.
Хэрвээ тийм юм бол бид хэрхэн суурь философийг өөрсөддөө бий болгох вэ? Үүнийг "биеэ засах" буюу Бямбасүрэн баавайн хэлснээр "тухайн үеийнхээ эрдэм номын чинад хүртэл боловсорсон" төдийгүй "дорнынхоо ном сургаалийг үзэж гэгээрсэн" байх ёстой аж. Чингэсэн тохиолдолд сая төрийн хүний шинжийг олж "төрөө засах"-д бэлэн болсон гэж үзнэ:
“Биеэ засна” гэдгийг ямар нэгэн дээд сургууль төгсөөд, магадгүй эрдмийн зэрэг цол хамгаалаад, бизнес хийгээд жаахан төлөвшил олохыг хэлнэ гэж тайлбарладаг. Гэтэл “биеэ засна” гэдгийг монголчуудын филосифиор “их суртахуй“ гэдгээр тайлбарладаг. Биеэ засна гэдэг чинь орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм.
Үүнийг хэдийгээр хоцрогдоогүй юм аа гэхэд барууны рациональ сэтгэлгээнээс ангид гэж бид үзэж болох боловч эцсийн дүндээ Бямбасүрэн гуай төрд зүтгэхэд дан ганц мэдлэг төдийгүй, сэтгэл зүй, зан ааш, хүний мөсийн хувьд өндөр түвшинд хүрсэн байх ёстой гэдгийг бидэнд сануулж байгаа хэрэг. Учир нь эрх мэдэл хүнийг юунаас ч илүүтэйгээр ил гаргадаг. Тухайн хүн чухам хэн бэ, биеэ хэр сайн зассан бэ гэдгийг шалгадаг ганц зүйл нь эрх мэдэл. Хэрвээ эрх мэдлийг олох цагт суурь философитой болж, өөрийгөө бэлтгэж чадаагүй бол тэр нь ард түмэнд шууд ил гарна гэсэн үг:
But although the cliché says that power always corrupts, what is seldom said, but what is equally true, is that power always reveals. When a man is climbing, trying to persuade others to give him power, concealment is necessary: to hide traits that might make others reluctant to give him power, to hide also what he wants to do with that power; if men recognized the traits or realized the aims, they might refuse to give him what he wants. But as a man obtains more power, camouflage is less necessary. The curtain begins to rise. The revealing begins. (Robert A. Caro - Passage of Power, p. xiv)

1 comments:

Anudari Chingunbat said...

Ene yg boduushtai post bolj Tuvshin ah