Sunday, February 14, 2010

Tuvshin's Web Log 5 Нас Хүрлээ!

Яг 5 жилийн өмнөх энэ орой блог дээрээ хамгийн анх бичлэг хийж байсан юм. Тухайн үед хэдий 8-уулаа 2 өрөө байранд шахцалдан амьдардаг байсан ч гэрийнхэн маань надад зориулаад өрөөний нэг буланд номын шүүгээ, ширээ, компьютэр гурвын зай гаргаж өгсөнийх нь үр дүн энэ блог. Хэнд ч хэрэгтэй, яах ч гэж тэгж суудаг байсан юм бүү мэд. Лав л диал-апаар интэрнэтэд холбогдоод шөнөжин интэрнэт ухаж яваад саваагүйтээд үүнийг нээчихсан юм даг. Юутай ч ширээний маань хажууд газар гудсан дээр унтдаг байсан ээж дүү хоёр маань шөнө толгой дээр нь гэрэл асаалаа гэж нэг ч удаа гомдоллож байгаагүйг бодоход намайг өөртөө хэрэгтэй л зүйл хийдэг гэж итгэдэг байсан байх. Одоо эргээд харахад гэрийхнээсээ уйчлал гуймаар.

Ер нь миний үеийнхэн их өрөвдөлтэй. Гадны суваг үзлээ гээд агуулгыг нь ойлгохгүй, ном уншлаа гээд Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий Толь III-аас хэтрэхгүй. Дунд сургуульд зарчмын хувьд ээж аавын үзэж байсантай яг адил хичээл үзнэ. Нийгэм нь урагш цойлоод байдаг, бид нар нэг газраа эргэлдээд байдаг. Тэгэхээр тухайн үед интэрнэт бидэнд ямаршуухан том орон зайг нээж өгсөн нь ойлгомжтой.

Мэдээж хэрэг интэрнэт дээрх мэдээллийг өөр гараг дээрээс уншиж байгаа арван жилийн хүүхэд шууд ойлгоход хэцүү. Хэлний бэрхшээлээс авхуулаад соёлын зөрөө, бүр цаашилбал мэдлэгийн дутуугаас болж эхэндээ бараг өөрийгөө тэнэг мэтээр боддог байв. Гэхдээ үүний сайн тал нь гэвэл шинэ юм бүхэн сонирхолтой санагдана. Платоны Симпозиум дээр философийн хамгийн тулгуур нь мэдэхгүйгээ нөхөх гэсэн эрмэлзэл (eros - тэчьяадал) гэсэн байдаг. Яг үүнтэй адил шинээр мэдэж авсан бүхэн дараа дараагийн мэдлэгийн замыг засч улам ихийг мэдэх хүслийг төрүүлнэ. Гэхдээ үүнийг ганцаараа өөрөө өөртөө хадгалаад байх утгагүй. Сократын харилцан ярианы нэгэн адилаар мэдлэг гэдэг байнга хэлэлцэгдэж, дэнслэгдэж, хурцлагдаж байх учиртай. Энэ блог ч чухам тэрхүү санаан дээр үндэслэгдсэн. Харин тэр үүргээ хэр биелүүлж чадаж байгааг сайн мэдэхгүй юм.

Хэрвээ энэ блогын нэг зорилго нь бусадтай мэдсэнээ хуваалцах бол, нөгөө нэг зорилго нь яах аргагүй миний өөрийн хөгжлийг сараас сард, жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж буйг танадах. Блогын эхний саруудад ямаршуухан зүйлс бичиж, уншиж байсныг одоогийнхтой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Яваандаа ч нэлээд өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Юутай ч энэ олон жил надтай хамт байж миний блогыг цаг гарган уншдаг бүх найзууддаа баярлалаа. Энэ блог ийм олон жил тасралтгүй явж ирсний хамгийн гол хүчин зүйл нь та нар юм шүү.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Tuesday, February 09, 2010

Darth Vader Promoting the Galactic Empire

- С.Баярцогт сайд Нью-Иоркийн бирж дээр очиж биржийн арилжааны нээлтийн хонхыг цохисон нь “Айвенхоу майнз”-ыг сурталчилсан хэрэг боллоо гэсэн мэдээлэл гарсан?

- Оюутолгойн орд газрыг ашиглаж эхэлснээр Монгол Улсын хөгжлийн гарцыг нээж байна. Нью-Иоркийн биржийн арилжааны хонхыг Монголын төлөөлөгч цохино гэдэг бол “Айвенхоу майнз”-ыг бус Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилсан хэрэг болсон гэж би ойлгож байгаа. Нью-Йоркийн биржийн хонхыг дэлхийд нэр алдартай хүмүүс уригдан цохидог. Өглөөний арилжааг нээх энэ ёслолыг биржийн арилжаатай амьдралаа холбосон, нийгмийн хамгийн идэвхтэй 120-160 сая хүн анхааран үзэж байдаг гэдэг утгаараа энэ бол Монгол Улсын сурталчилсан нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Манайханд одоогоор биржийн талаарх ойлголт бага байгаа учир энэ талаар маргаад байх зүйл алга даа.
С.Баярцогт: Би “Айвенхоу майнз”-ийг биш Монгол Улсаа сурталчилсан