Tuesday, April 19, 2005

Il Conclavo буюу нэг тэрбум хүний удирдагчийг сонгох сонгууль

Өмнөх үг

Дөнгөж сая би BBC үзэж байгаад өөрсдийгөө ямар азтай хийгээд бас ямар том түүхэн үйл явдлын гэрч болж буйг анзаарлаа. Хүн гээч амьтан ер нь ямар нэгэн далдын хүчинд итгэн түүнээсээ асар их эрч хүчийг олж аван, амьдралаа утга учиртай болгодог шиг байгаа юм. Ухаандаа Есүс бидний нүглийн төлөө чад хийсэн учир би ч гэсэн гээд өөрийгөө цовдлож буй Филлипин эмэгтэй, аль эсвэл Аллах минь я тебя люблю гээд өөртэйгээ хамт хэдэн зуун гэмгүй хүний амийг зольж буй араб эр гээд бүгд л энэхүү асар их итгэл үнэмшлийн бүтээл гэлтэй. Тэгвэл өнөөдөр бараг нэг тэрбум хүний тэрхүү итгэл үнэмшил, амьдрах утга учир нь болсон Ромын Католик шашны тэргүүн Пап-ыг сонгох сонгууль болж байна.
Сүүлийн 26 жилд анх удаагаа болж буй энэхүү сонгууль нь өнөөгийн шинжлэх ухааныг шашнаас илүүтэйгээр дээдэлдэг болсон хийгээд Католик шашны ариун ёс журмын эсрэг зүйлс газар авсан үестэй давхцан тул Ромын Католик шашинтнууд сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байна. Миний бие ч гэсэн дараагийн сонгууль хүртэл нь хаа байлаа гээд энэхүү танин мэдэхүйн шинжтэй ч гэмээр нийтлэлийг тэрлэв. Алдаа мадагтай зүйлс байвал эрээлэлгүй хэлээрэй.

Сонгууль

Ихэнх ном сонин дээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нууцлаг ба хуйвалдаанлаг гэж нэрлэгддэг энэхүү сонгууль нь анх 1274 онд явагдсан бөгөөд өнөөг хүртэл яг л тэр үеийнх шигээ уламжлалаа хадгалсаар байна.
Энэхүү сонгуулиа Католикчууд Англиар Conclave гэдэг бол Италиар Il Conclavo гэнэ. Гарал үүслийн хувьд бол латин хэлний con – (-аар), clavis – түлхүүр гэсэн үгнээс гаралтай. Махчилаад орчуулах юм бол “түлхүүрээр цоожлогдхох” гэсэн утгыг гаргана. Өөрөөр хэлбэл conclave болж байх явцад тэрхүү түлхүүрээр цоожлогдсон өрөөг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана гэсэн үг юм.
Ер нь conclave нь өөрөө их зөрчилдөөнтэй, өөр өөр улс төрийн үзэл санаануудын тэмцлийн дунд явагддаг. Иймд түүхэнд зарим conclave нь гар тулаан, хордуулалт, аль эсвэл бүр аллагаар дуусдаг байваа.
Гэхдээ энэхүү conclave хэмээх зүйлийг сайтар ажиглаад байхнээ эслийн засгийн газрын үед манайхан өнөөх Ерөнхий Сайдаа нууцаар огцруулаад хаячихдагтай их төстэй. АХ Эвслээс сонгогдсон гишүүн хэрнээ МАХН-ын албан тушаалын амлалтад хууртаад эсрэг санал өгчихдөг (энэ чинь өнөө хуйвалдаанлаг гэдэг шинж нь лав мөнөөсөө мөн). Тэгээд яг хэн нь тэгчихэв ээ гэхээр эзэн нь олддоггүй (харин энэ нь өнөөх нууцлаг гэдэг шинж нь яах аргагүй мөн). Яг адил байгаа биз?

Нэр дэвшигчид

Энэ удаагийн сонгуульд нийт 115 кардинал оролцож байна. Эдгээр кардиналууд бүгд сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэхдээ тэдний дунд дараагийн Пап болох хамгийн магадлалтай хүмүүс гэж байх агаад тэдгээр нь бүгд Ромын Католикчууд дотроо нэр алдар нь түгсэн ба өөрийнхөө төлөө хуйвалдаан сайн зохион байгуулж чадсан хүмүүс юм. За ингээд хамгийн их итгэл найдвар хүлээлгэж буй нэр дэвшигчидээс цухас дурдах юм бол: Кардинал Диониги Теттаманзы, Миланы арчбишоп энэ эрхэм бээр бусдыг энэрч хайрлах болон бясалгалд тун сүрхий нэгэн гэнэ. Бельгийн Кардинал Годфрид Данеелс нь их шулуун шударга нэгэн юм байх. Нигерээс ирсэн Кардинал Аринзе нь хэрвээ сонгогдох юм бол хамгийн анхны хар арьст Пап болох юм байна. Эдгээрээс гадна Латин Америкийн тэр тусмаа Бразилийн Кардинал Клаудио Юммес гэж ажилчдын эрхийг тууштай хамгаалдаг бөгөөд II Ионн Павелийн нэгэн адил консерватив үзэлтэн тэрбээр бас л хүчтэй өрсөлдөгчдийн тоонд цохиж явна.

Саналаа өгөх

Санал өгөх үйл явц нь өөрөө conclave-ийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд өглөө 2, үдээс хойш 2, өдөрт нийтдээ 4 санал хураалт явагдана.

Il Conclavo маань Ватиканы алдарт Систины Дуганд (Sistine Chapel) болно. Хэрэвзээ та бүхэн санаж байгаа бол энэхүү дуганд алдарт Микеланжелогийн Библээс сэдэвлэсэн “Last Judgement” хэмээх алдарт зураг байдаг шүү дээ. Мөн түүнчлэн энд байдаг хамгийн сонирхолтой зүйл нь зуух юм. Энэхүү зуухны яндан нь Систины Дуганы дээр байх бөгөөд түүгээр conclave-д оролцож буй кардиналууд гадаад ертөнцтэй холбоо барина. Энэ нь юу гэсэн үг гэхээр кардинал тус бүр өөрийн саналаа жижиг цаасан дээр Eligo in Summum Pontificem ...... (тухайн хүний нэр) гэж бичин өгөх буюу хэрвээ тэрхүү цаасан дээрхи хүний нэр нь нийт кардиналуудын 2/3-ийн саналыг авч чадаагүй бол хүчингүйд тооцогдон өнөөх зууханд шатаадаг байна. Харин тэгж шатаахдаа эртнээс уламжлагдан ирсэн нэгэн үйлдлийг хийнэ. Хэрэв Пап сонгогдож чадаагүй бол тэр цааснууд дээрээ нэгэн тусгай химийн бодисийг хийх бөгөөд тэр нь шатаах үед хар өнгийн утааг гаргаж Пап тодроогүй тухай муу мэдээг гадагш нь дамжуулдаг бол Пап сонгогдсон тохиолдолд өөр нэгэн химийн бодисийг цааснууд дээрээ хийн цагаан утааг олгойдуулан шинэ Пап-аа тунхагладаг байна.
Гэхдээ энэ нь түрүүн миний хэлсэнчлэн 2/3 хүрээгүй тохиолдолд conclave үргэлжлээд л байна. Сонирхуулж хэлэхэд 1831 оны conclave нь бүхэл бүтэн 54 хонож байж шийдээ гаргаж байжээ.

Шинэ Conclave

Саяхан нас барсан Ромын Пап II Ионн Павелийн 1996 оны 2 сарын 22-нд баталсан Universi Dominici Gregis буюу Ромын Католик Сүмийн Архадын Үндсэн Хуулийн (Roman Catholic Church Apostolic Constitution) дагуу conclave-д орж буй кардиналууд нэлээд хэдэн чухал дүрэм журмыг дагах ёстой.

 Кардинал нь Папыг нас барах болон үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үед дор хаяж 80 насыг золгосон байх учиртай
 120-оос илүүгүй Кардиналууд саналаа өгөх
 Пап нь нийт Кардиналуудын
 2/3 –аар сонгогдоно
 Папыг сонгогдох хүртэл өглөө 2, үдээс хойш мөн 2, нийтдээ 4 санал хураалтыг явуулна.
 Хэрэвзээ Пап сонгогдохгүй conclave сунжрах аваас Кардиналуудын Бүлэг санал хураалтын дүнг энгийн олонхи буюу “хагас дээр нэмэх нь нэг” болгож болно.

Мөн түүнчлэн үүнээс гадна conclave-д ямар нэгэн мэдээлэл дамжуулах электрон хэрэгслийг оруулахгүй байх, сонгох үйл явцын нууцыг чанд хадгалах гэх мэт хэд хэдэн чухал заалтууд орно.

Бас дээр нь сонирхуулж хэлэхэд энэ удаагийн conclave-д хаалга түгжихгүй байхаар тогтсон байна.

Шинэ Папыг зарлах

Хэрвээ шинэ пап тодорвол Кардинал алдарт Гэгээн Петрийн басилика-гийн балкон дээрээс:

"Annuntio vobis gaudium magnum: habemus papam! Eminentissimum ac Reverendissimum Dominum, Dominum [өөрийн нэр], Sanctæ Romanæ Ecclesiæ Cardinalem [овог], qui sibi nomen imposuit [папын нэр (жишээлбэл II Ионн Павел гэх мэт)]."

буюу

("I announce to you a great joy: we have a Pope! The Most Eminent and Most Reverend Lord, Lord [өөрийн нэр], Cardinal of the Holy Roman Church [овог], who takes to himself the name [папын нэр (жишээлбэл II Ионн Павел гэх мэт].")

гэж хэлдэг байна.

Per l’amore di Dio…

P.S: хэрвээ та бүхэн боломжтой бол өнөөх дуулиант Da Vinci Code-ийг бичдэг Dan Brown-ий Angels and Demons хэмээх номыг уншаарай. Тэрхүү номонд энэ conclave-ийг ихэд уран дүрслэлээр гаргаж өгдөг бөгөөд ер нь л их чка ном шүү...

0 comments: